Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич П.Хорлоо (1917-2008)-ийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах «П.Хорлоо 100 – ХХ зууны монгол аман зохиол судлал» сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 9-р сарын 15-16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарыг үүсгэн хөгжүүлэгчийн нэг, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, төр-нийгмийн нэрт зүтгэлтэн П.Хорлоо нь 1917 онд одоогийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт мэндэлжээ. 1931-1934 онд Багшийн сургуульд суралцаж төгсөөд Улаанбаатарт Үлгэр жишээ бага сургуульд нэг жил багшлаад, 1935 онд Ховд аймгийн Манхан суманд бага сургууль байгуулахаар томилогдон очиж тухайн оны 9-р сарын 1-д бүрээ үлээж, бөмбөр дуугаргаад гурван гэртэй, 32 хүүхэдтэйгээр Манхан сумын бага сургуулийг нээжээ. Тус сургуульд 1935-1937 онд гурван жил багшлаад Нийслэлд буцан иржээ. 1938-1940 онд Санхүүгийн сургуульд, 1940-1943 онд Багшийн сургуульд тус тус багшилж байгаад МУИС-д хэл, утга зохиолын чиглэлээр суралцлахаар элсэн орж, 1949 онд төгсжээ.
1955-1958 онд ЗХУ-ын Дорно дахины их сургуульд “Монгол ардын явган үлгэр” сэдвээр дэд эрдэмтний зэрэгамжилттай хамгаалсан байна. Тэрээр эх орондоо буцаж ирээд 1958-1963 онд Гэгээрлийн яамны орлогч сайд, 1963-1978 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал зэрэг албыг хашиж байв. 1964 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн болж, 1978 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. П.Хорлоо1982 онд академичаар сонгогдсон бөгөөд “Алт, Мөнгө хоёр” өгүүллэг, “Адьяа хүү” найраглал бичсэний учир 2000 онд Төрийн шагнал, хэл бичгийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсны учир 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртжээ.
Хурлын зорилго – академич П.Хорлоогийн алдрыг мөнхжүүлэх, түүний ХХ зууны монголын уран зохиолын хөгжил ба монгол хэл бичгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэх, эрдэмтэн судлаачид санал бодол, арга туршлага, шинэ мэдлэг мэдээлэл солилцоход оршино.
Хурлын илтгэлийн хамрах хүрээ – монгол аман зохиол, уран зохиол судлал.
Илтгэлд тавигдах шаардлага: хурлын сэдэвт холбоотой, урьд хэлэлцүүлээгүй байх; MSW программаар Times New Roman фонтоор бичих; хуудасын хэмжээ: А4, үсгийн өндөр: 12pt, мөр хоорондын зай: Single; илтгэлийн хэмжээ: 10 нүүрээс илүүгүй; эшлэл: Insert footnote; хэл: монгол, орос, англи.
Оролцогчдыг бүртгэх, илтгэл хүлээн авах хугацаа: оролцогч нь өөрийн мэдээллийг англи хэлээр бичсэн А4-ийн нэг нүүр илтгэлийн товчлолын хамт 2017 оны 8-р сарын 20-оос өмнө зохион байгуулагчдад ирүүлнэ. 2017 оны 9-р сарын 1-ний дотор илтгэлийг бүрэн эхээр нь ирүүлнэ.
Хурлын талаар нэмэлт мэдээлэл, илтгэл хүлээн авах e-mail: Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript.; phone: 976-11-450480; факс: 976-11-451762; mobile: 99138410.